Тасалгааны хальс - Тэр тусгаарлана

 

  • Гоёлын наалт буюу тасалгааны декоратив хальс нь цонх, тавилга болон өрөө хоорондын хаалганы шил, лангуу зэргийг чимэх, хамгаалах үүргийг гүйцэтгэдэг сонирхолтой материал билээ.
  • Декоратив хальсыг ашиглах зорилго олон янз байж болдог.
  • Ийм наалт нь гоёлын үүрэг гүйцэтгэж, өрөө тасалгааны стилийг тодотгон онцгой, өвөрмөц болгоно.
  • Хальсны тусламжтайгаар өрөө, офисын тасалгааг хэд хэдэн хэсэг, бүсэд хувааж болно.
  • Матт, дүрс ойлгох хальснууд нь өрөө тасалгааны дотоод орчинг гадны “сониуч нүднээс” бүрэн хамгаална.
  • Тасалгааны гэрэлтүүлгийн төвшинг тохируулж чадна.
  • Халуун цаг агаарт зарим төрлийн хальс нь нарны туяаг ойлгох чадвартай тул өрөөний сэрүүн байдлыг хадгална.
  • Цохилтын эсрэг, үйрэхээс сэргийлсэн хуулгууд нь шил хагарсан, гэмтсэн тохиолдолд тасалгаан дахь хүмүүс бэртэх, шархлахаас хамгаална.

Декоратив хальсны бат бөх чанар маш сайн буюу дунджаар 24 кг/см2 байдаг. Өөрөөр хэлбэл, шилийг ямар нэгэн механик нөлөөгөөр хагалж болно, гэхдээ шилийг таслах, эсвэл шовх зүйлээр цоолох бараг боломжгүй гэсэн үг билээ.

Наалдамхай хальс нь шилэн гадаргуутай маш сайн барьцалддаг тул цавуу нь хальсыг цонхон дээр тогтоогоод зогсохгүй шил хагарсан тохиолдолд тасалгааны дотоод орчинг үйрмэг, хэлтэрхийнээс хамгаална.
Хальс нь цаг агаарын хүчин зүйлд тэсвэрлэх чадвар сайн. Чийг, хүйтэн, халуун, уур, хэт ягаан туяа болон бусад сөрөг нөлөөг “тоохгүй”.

Цонхны хальс өнөөдөр өнгөний маш олон сонголттой үйлдвэрлэгдэхээс гадна төрөл бүрийн зураг, дүрслэл ч бий болгож болно. Өнгөт шилний хослолоор өрөө тасалгааг чимж болох ч үнийн хувьд энэ шийдэл өртөг өндөртэйд тооцогддог. Харин үүнийг витраж стилийн шийдэлтэй хальсаар шийдэж болно. Түүгээр ч барахгүй, тунгалаг өнгийн хальсыг хэд хэдэн давхар нааж болдог учир шилний өнгөөр тоглох боломжийг ч олгож байна.

Тасалгааны декоратив хальсны төрөлд бүх төрлийн полимер бүтэц бүхий хуулгуудыг хамааруулж болох ба эдгээр нь зөвхөн шилэн гадаргуунд наах зориулалттай.

Дараах төрлүүд байна:

  • Тунгалаг
  • толин өнгөтэй (Төмөрлөг материалын исэлийн агууламжтай)
  • Хагас тунгалаг (Матт)
  • Тунгалаг бус
  • Витраж буюу зурагтай

Тунгалаг бус, эсвэл матт хальсыг ихэнхдээ өрөө тасалгааны хэт их гэрэлтүүлгийг тохируулах, эсвэл гадны хараанаас тусгаарлах зориулалттай ашиглагддаг. Угаалгын өрөө, ариун цэврийн өрөө, эмнэлгийн үзлэгийн өрөө, шилэн хана бүхий офисын тасалгаа, шилэн хаалгатай подваль, агуулахын өрөөнүүд зэргийг үл үзэгдэгч тунгалаг бус хальсаар бүрэх нь ойлгомжтой асуудал. Эмнэлгийн үзлэгийн өрөөнд таны нүцгэн биеийг хэн нэгэн гаднын хүн хараасай гэж хүсэхгүй нь ойлгомжтой.

Толь шиг эфекттэй хальсаар чимэглэл хийх нь мөн адил зорилготой байдаг ч шилэн тасалгааны гаднах нөхцөл байдлыг дотроос “нэвт харж” хянах боломжтой байдгаараа онцлог юм.

Нэвт харагддаг хэрнээ өнгөтэй монохром хальсыг цонхны чимэглэлд ашиглах нь харьцангуй ховор байдаг нь зөвхөн тодорхой урттай гэрлийн долгион нэвтрүүлдэгтэй нь холбоотой. Ямар ч монохром гэрлийн туяа нь хүний мэдрэлийн системд дарамттай нөлөө үзүүлдэг бөгөөд нүд болон мэдрэлийн системийг хурдан ядраадаг. Тиймээс монохром өнгөтэй хальсыг цонхонд зөвхөн үйлдвэрлэл, эсвэл эмчилгээний зориулалттай ашигладаг. Тухайлбал, фото зургийн хальс өргөн ашиглагддаг байсан үед фото лабораторийн цонхнуудыг бараан улаан, бор ногоон өнгөөр бүрдэг байжээ.

Өнөөдрийн байдлаар монохром өнгийн хуулгуудыг витраж буюу өнгөт шилний эффектийг бий болгохын тулд хэсэгчлэн ашиглах нь элбэг болсон.

Витраж хальс нь хамгийн өргөн ашиглагддаг, хамгийн өндөр эрэлттэй хальснуудын нэг юм. Натурал витраж буюу хийхэд маш бэрх урлагийн бүтээлийг бий болгохын тулд хар, цагаан тугалга, зэс, мөнгө зэрэг зөөлөн металл ашиглан карказ биеийг бий болгож, тэдгээрийн хооронд өнгөт шил, эсвэл өнгөт чулуу байршуулан бүтээдэг.

Цонх болон шилэн хананд өөрийн хүссэн өнгө аясыг нэмж, стиль дизайны хувьд өвөрмөц чиг хандлага оруулах харьцангуй бага зардал, түргэн шийдэгдэх арга нь ийм төрлийн хальс болоод байгаа юм.