Фасадны хальс - Тэр бүрхэнэ

Офист ажиллах хүмүүсийн тав тухыг хангах, хамгийн гол нь нарны хэт халалтыг бууруулах мөн хаалгаар орж ирэхгүй ч гадны зочдын урилгагүй нүдэнд саад хийх зорилгоор хувийн орон сууц эзэмшигчид ч гадна фасадын хальсыг цонх, тагт, саравчны шилэн гадаргууд наах болжээ.

Харахад нимгэн, хэврэг гэмээр энэхүү олон давхаргат полиэстер материал нь үнэн хэрэгтээ хулгай, дээрэмчдэд маш том саад бэрхшээл болдог. Ийм аргаар сайжруулсан шилэн хаалга, цонхоор нэвтрэх нь хэцүү, дуу чимээтэй, хугацаа их шаардах ба том зүйлээр цохьсон ч багахан эвдэрч, тэр нь цааш томрох, даамжран хагарахгүй нь давуу тал болдог.

Бага насны хүүхэдтэй айлд фасадын хальс нь бас нэгэн давуу талтай. Хүүхэд тоглож байгаад шилийг хагалах тохиолдолд олон мянган үйрмэг, хэлтэрхий бололгүйгээр хальс бүгдийг нь барьж үлдэнэ. Энэ материал нь огт харшил үүсгэхгүй, гэрэл болоод халуунд хорт бодис ялгаран задралд ордоггүй.

Энэ материалын дулаан тусгаарлах чанар нь дотор өрөө тасалгааг зуны халуунд нарны шууд тусгалаас хамгаалахын зэрэгцээ гадагшаа харагдах орчинг огт хязгаарладаггүй. Зуны цагт кондишний хэрэглээг бууруулах, мөн өвлийн цагт дулааныг хадгалах (өрөөний дулааныг гадагшлуулах тал дээр энэ материал маш “дурамчхан”) үндэс болдог тул халаалт болон эрчим хүч хэмнэлтийн цогц шийдлийн нэгээхэн хэсэг нь болдог байна.

Тасалгааны дотор болж буй бүхий л зүйлийг нуун далдлах нь бас нэгэн чухал давуу талуудын нэг юм. Хөшиг, хаалт зэрэг бусад хэрэгслүүдтэй харьцуулбал фасадны хальс нь дотор талаас үзэгдэх орчинг хязгаарлахгүй багахан бууруулж, харин гадны орчноос дотогш харагдах байдлыг бүрэн хязгаарладаг.

Өнөөдөр бидний санал болгож буй фасадны хальс нь байшин барилгын хийц, загвар дизайнд өөрийн хүссэн өнгө аясыг оруулж, барилга доторх нарны хэт халалтыг бууруулж, UV туяаг 99% хүртэл шүүж ая тухтай орчин бүрдэх боломжийг олгодог байна.

Дотоод өрөө тасалгааг хэт ягаан туяанаас хамгаалах, мөн хэт халалтаас сэргийлэхийн тулд шилний хальс ашиглах санаа өнгөрсөн зууны 50-60-аад онд анх хэрэгжиж эхэлжээ. 

Орчин үеийн нөхцөлд барилга байгууламжийн гадна фасадыг шилэн хийцээр шийдвэрлэж буй үед архитектур (фасад) хальс нь олон тооны асуудлууд, тэр дундаа дотор орчны агаарын хэмийн хэвийн төвшинг хадгалах, аюулгүй байдал, хамгаалалтыг бий болгоход их хувь нэмэр оруулж байна.

Сайн тоноглогдсон офисын барилга, хувийн үйлдвэрлэлийн болон амины орон сууцнууд бүгд их хэмжээний цахилгаан эрчим хүч хэрэглэгчид болдог. Байшингийн цонхыг фасадны хальсаар бүрэх нь цахилгаан эрчим хүчид хамаарах зардлыг бууруулах нэгээхэн хэсэг нь юм. Хамгийн их хэмнэлт зуны цагт хийгдэнэ. Нарны дулааны эрчмийг тусгаарлаж, өвлийн цагт шаардлагатай дулааныг дотор тасалгаандаа хадгалснаар хальс нь хэмнэлт хийх хэрэгсэл болж байгаа нь тодорхой.

Хальс үйлдвэрлэх технологи

Фасадны хальсны химийн бүтцийн үндсэн элемент нь полиэстер байдаг ба тухайн бүтээгдэхүүний зориулалтаас шалтгаалан зэс молебдин,ган төмөр, нүүрс, керамик, мөнгө зэрэг элементүүд харилцан адилгүй хэмжээтэйгээр орно.

Энэ бол гадны механик нөлөөнд тэсвэрлэх чадвар өндөртэй, молекулийн холбоос бүхий нарийн технологи юм. Эхний шатанд хальсан материалын будалт явагддаг, харин дараа нь давхаргуудыг үйлдвэрлэдэг бөгөөд давхаргын тоо нь тухайн хальсны зориулалтаас шалтгаалж харилцан адилгүй байна. Архитектур хальсыг найрлага, орцын хувьд хоёр үндсэн ангилалд хуваадаг.

Металлжуулсан хальс. Зөвхөн металлжуулсан давхаргуудаас бүрдэх хальс бөгөөд төмөрлөг элементийг спаттер технологийн (вакуум орчинд металлын цөмийг цацах) дагуу маш өндөр нарийвчлалтайгаар цацах аргаар үйлдвэрлэдэг.

Хосолсон хальс. Олон давхаргат бүтэцтэй, металлжуулсан ба будсан давхаргуудыг хослуулан бүтээнэ.